Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах зөвшөөрөл олгосон талаар танилцууллаа.
Монгол, БНСУ-ын Батлан хамгаалах яамдын хамтын ажиллагаа 1999 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хүний нөөцийн бэлтгэл, бүс нутгийн хээрийн сургалт зэрэг олон чиглэлээр хөгжиж иржээ. Цаашид хоёр улс цэрэг техникийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын шинэчлэл, аюулгүй байдал, цэргийн анагаах ухааны хөгжлийн чиглэлээр Засгийн газрын түвшинд хамтран ажиллахаар болсон байна.
Мөн жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэдэг Төрийн далбааны өдрөөр зохион байгуулагддаг цэргийн ёслолын жагсаалын талаар мэдээлэв. Энэхүү арга хэмжээ нь эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчин болон цэргийн техникийн хөгжлийг олон нийтэд танилцуулах, төрийн далбаа, төрт ёсонд хүндэтгэл үзүүлэх ач холбогдолтой гэж онцоллоо.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 825 жил, Ардын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр зэвсэг техник бүхий өргөн хүрээний цэргийн ёслол, техникийн парад зохион байгуулахаар болжээ.
Парадад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй төрлийн цэргийн техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын тоног төхөөрөмж оролцоно.
Мөн энэ үеэр Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник, дотоодод үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машинууд, дрон зэрэг шинэ технологийг олон нийтэд танилцуулах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!