УИХ-аас Засгийн газарт эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх чиглэл өгсний хүрээнд ашигт малтмалын ашиглалтыг идэвхжүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Бортээгийн нүүрсний ордыг ашиглах сонгон шалгаруулалтыг зарлаж, холбогдох асуудлыг шийдвэрлээд байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, Монгол Улсад ашиглалтад бэлэн болсон 200 орчим тонн алтны нөөц бий бөгөөд Засгийн газар Гацуурт болон Эрээн баавгайтын бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьжээ.
Тэрбээр, “Эдгээр ордоос жилд тав орчим тонн алт олборлох боломжтой бөгөөд энэ нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлнэ. Нүүрсний үнэ буурсан энэ үед алт, зэсийн салбарын орлогоор эдийн засгаа дэмжих боломж бүрдээд байна. Харин тогтоолын төслийг зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр түр хойшлуулсан гэсэн мэдээлэл авсан” хэмээн хэллээ.
Мөн Гацуурт, Эрээн баавгайтын бүлэг ордын 34 хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшиж, 500 тэрбум төгрөгийн татварын урьдчилсан төлөлтийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон байна.
“Оюутолгойн 34 хувийг зээлээр эзэмшсэн бол энэ удаад төр 34 хувийг үнэ төлбөргүй авах боломжтой. Ингэснээр төслийн өгөөжийн 50-иас доошгүй хувь нь улсын төсөвт төвлөрөх нөхцөл бүрдэнэ. Энэ нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай шийдэл” гэв.
Түүнчлэн тэрбээр, 2026 онд дэлхий нийт газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөнд орж буй энэ үед Монгол Улс бусад ховор элементийн нөөцөө нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалынхаа нөөцийг бүрэн тодорхойлох шаардлагатай байгааг онцолсон юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!