Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна.

Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.   

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ.