Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. 

"Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.

Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулжээ.  Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван  удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.