Шинэ долоо хоног эхэлж байна.
Хүн бүрийн өмнө шинэ долоо хоног ижилхэн харагдавч, тус бүрийн дотроо тээж яваа бодол, хүлээлт, шийдэгдээгүй асуулт нь өөр өөр.
Хэн нэгэн өнөөдөр нэг шийдвэр хүлээж суугаа. Хэн нэгэн удаан хүлээсэн хариугаа авахыг хүснэ. Өөр нэгэн нь өнгөрсөн хэдэн өдрийн ядаргаа, бүтэлгүйтэл, эргэлзээгээ ардаа үлдээгээд шинээр эхлэхийг хүсэж буй.
Амьдралын хамгийн хэцүү үе нь заримдаа асуудалтай байсандаа биш, хэзээ дуусахыг нь мэдэхгүй хүлээхэд байдаг.
Гэхдээ аливаа зүйл нэг л өдөр урсан өөрчлөгднө. Хаалттай байсан хаалга нээгдэж, ойлгомжгүй байсан зүйлс тодорхой болж, хариу нь олдохгүй байсан асуултуудын учир тайлагддаг. Өнөөдөр бидний хувьд төгсгөлгүй мэт санагдсан зүйл маргааш эргээд харахад нэгэн үеийн л түүх болсон байдаг.
Тиймээс шинэ долоо хоногийн эхэнд өөртөө ганцхан зүйлийг сануулахад хангалттай.
Удахгүй бүх зүйл шийдэгдэнэ.
Магадгүй яг бидний хүссэнээр биш ч бидний туулах ёстой замын дагуу. Заримдаа бидний хүссэн зүйл биелэхгүй байх нь өөрөө илүү зөв зүйл рүү хөтөлж байдаг. Зарим хаалга хаагддаг нь өөр нэг хаалга нээгдэхийн өмнөх нам гүм байдаг.
Хамгийн гол нь энэ бүхний дунд өөрийгөө алдахгүй байх.
Өнгөрсөн долоо хоногт хийж чадаагүй зүйлээ өнөөдөр дахин оролдож болно. Хэлж амжаагүй үгээ хэлж болно. Алдсан итгэлээ эргүүлж болно. Ядарсан бол түр зогсож болно. Харин бүх зүйл болохгүй байгаа мэт санагдсан мөчид ч болно гэдэгт итгэхээ бүү зогсоогоорой.
Учир нь амьдрал үргэлж нэг хэвээрээ байдаггүй.
Өнөөдрийн бороо маргаашийн нарыг үгүйсгэдэггүйтэй адил өнөөдрийн хүндхэн өдөр ирээдүйн сайхан өдрүүдийг үгүйсгэхгүй.
Бидний хүлээж буй тэр нэг мэдээ ирнэ. Хийж буй ажил маань үр дүнгээ өгч, тэсэж тэвчсэн хугацаа маань утга учиртай болно.
Зарим шарх аажмаар эдгэж, хүмүүс бидний амьдралд үлдэнэ, зарим нь өөр өөрийн замаар явна.
Харин бид энэ бүхнийг туулсаар өнөөдрийнхөөсөө арай илүү хүчтэй хүн болсон байх болно.
Шинэ долоо хоногийн эхэнд бүх зүйл төгс байх албагүй. Зүгээр л нэг алхам урагшлахад хангалттай.
Өчигдрийн асуудал өнөөдрийн бүхэл бүтэн амьдрал биш. Өнөөдрийн эргэлзээ маргаашийн үнэн биш. Харин өнөөдөр хийсэн жижигхэн зөв алхам ирээдүйн том өөрчлөлтийн эхлэл байж болох буй за.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!