НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. “Хотын дарга сонсож байна” платформ нь дараах сувгуудаар саналт хүсэлт хүлээн авна. Нэгт, таван оператораас 150150 тусгай дугаарт иргэд ямар нэг үнэ, төлбөргүйгээр зурвас илгээн хүсэлтээ илгээнэ. Үүний дараа хүсэлт шийдвэрлэлтийн талаар мэдээллийг иргэнд илгээнэ. Мөн нийслэлийн захиргааны байрны B блокт “Call Center” ажиллуулна. “Хотула” аппликейшнаар хүсэлт хүлээн авна. Түүнчлэн иргэд биеэр, бичгээр санал хүсэлтээ өгөх юм. Тус платформоор иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, хэрхэн шийдвэрлэж байгааг нээлттэй хянадаг болно. Энэ бол иргэдийн санал хүсэлтэд суурилан хамтарч ажиллах платформ юм" гэв. Мөн тэрбээр ирэх жилийн төсөвт нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин нөхцөлд анхаарч, иргэд илүү тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бий болгоно гэлээ.