Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.
Арга хэмжээний хүрээнд:
- "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн
- ”Адуун төвөргөөн” морьт жагсаал
- ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт
- Адуучдын ур чадварын тэмцээн
- Эмнэг сургах тэмцээн
- Жороо морины үзүүлбэр
- Дэмбээний тэмцээн
- Морин хуурын үзэсгэлэн худалдаа
- Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-т бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!