2026–2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж буй шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагчдыг сургууль, сургалтын орчиндоо дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тусгай үйл ажиллагааг хичээлийн жилийн эхний сард зохион байгуулна.

Шинээр сургуульд элсэн орж буй хүүхдүүдэд сургуулийн орчин, багш, ангийн найз нөхөдтэй нь танилцуулахын зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагаанд аажмаар дасах боломж бүрдүүлэхэд уг үйл ажиллагаа чиглэж байна.

Мөн нэгдүгээр ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хичээл, сургалтын үйл ажиллагааг тоглоомын арга, сонирхолтой дасгал, бүтээлч үйл ажиллагаатай уялдуулж, хүүхдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах юм.

Энэхүү чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/277 дугаар тушаалаар баталжээ. Эхний сарын үйл ажиллагаа нь зөвхөн хичээлийн эхний хэдэн өдрөөр хязгаарлагдахгүй бөгөөд хичээлийн жилийн турш судлах хичээл, агуулгатай уялдан үргэлжлэхээр тусгасан байна.

Ингэснээр нэгдүгээр ангийн сурагчдад шинэ орчинд шууд их ачаалал өгөхөөс илүүтэй тоглох, турших, ажиглах, харилцах замаар суралцах дадлыг аажмаар төлөвшүүлж, сургуульд дасан зохицох үйл явцыг нь дэмжих зорилготой аж.

 бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй