Цэргийн үүрэгтнүүдээс эрүүл мэндийн нарийн шинжилгээг авч байгаатай холбоотой хүлээгдэл үүсээд байна.  
Цэрэг татлагад хамрагдаж буй залуучуудаас зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, цээжний рентген зураг, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими, элэгний В, С вирус, ДОХ болон серологийн шинжилгээ авч байна.

Эдгээр шинжилгээг цэргийн үүрэгтэн бүрээс нэг бүрчлэн авч, хариуг боловсруулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа аж.

Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргахын тулд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянхошуу амбулатори болон явуулын аппаратууд 24 цагаар ажиллаж байгаа юм.

Өдөрт 1,000 гаруй залуу шинжилгээнд хамрагдаж байгаа нь лабораторийн ачааллыг нэмэгдүүлж, шинжилгээний хариу гарахад хүлээгдэл үүсгэж байгаад холбогдох байгууллагаас хүлцэл өчжээ.