2024 оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас 207 дугаар байрны оршин суугчид орон гэргүй болж, өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа юм. Тус байрны оршин суугчдын нэг манай редакцид хандсаны дагуу бид шинээр баригдаж буй орон сууцны барилгад очиж, тухайн иргэнээс нөхцөл байдлын талаар тодрууллаа. Шинээр баригдаж буй барилгын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа аж. Гэвч оршин суугчдын зүгээс шинэ байрны өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээтэй холбоотой гомдол гаргаж буй.
Тухайлбал, өмнө нь гурван өрөө байр эзэмшиж байсан нэг иргэнд шинээр баригдаж буй барилгад хоёр өрөө байр хуваарилжээ. Түүнчлэн байрны дотоод зохион байгуулалтыг өөрчилсөнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны хохирогч иргэн: “Шинээр баригдаж буй байрандаа өөрийн биеэр ирж үзэхэд өрөөний дотоод зохион байгуулалт өөрчлөгдсөн байсан. Иргэн хүний эзэмшиж байсан эд хөрөнгийн зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилж байгаад маш их гомдолтой байна. Өмнө нь том, цэлгэр, зай талбай сайтай өрөөтэй байсан бол одоо талбайг нь багасгасан байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм өөрчлөлт хийсэнд гомдолтой байгаагаа хэлэхэд ‘Хоёр өрөө байраа авбал ав, үгүй бол өөрөө мэд’ гэсэн хандлага гаргаж байна. Би өмнө нь эзэмшиж байсан байрныхаа зохион байгуулалттай адил байртай болмоор байна. Илүү зүйл огт хүсээгүй. Зөвхөн өөрийн эзэмшиж байсан эд хөрөнгөө өмнөх хэлбэр, зохион байгуулалтаар нь буцаан авахыг хүсэж байна.
2025 онд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хохирогчдод өмнөх орон сууцны талбайн хэмжээг огт өөрчлөхгүйгээр орон сууцыг нь дахин барьж өгнө гэсэн амлалт өгч байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас уг асуудалд албан ёсны тайлбар өгч, орон сууцны талбай, өрөөний тоо, зохион байгуулалтыг өөрчилсөн үндэслэлийг олон нийтэд ил тод мэдээлж, хохирогчийн эрх ашгийг хэрхэн сэргээх талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна "гэв.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!