Өглөөний нар хөшигний завсраар тусаж, хотын гудамжинд хүмүүсийн хөл хөдөлгөөн эхэлнэ.
Хүн бүрийн өглөө өөр өөрийн түүхтэй. Харин тэднийг орноос нь босгож, амьдралын урсгалд дахин хөтөлдөг нэгэн ижил зүйл бий. Тэр бол хичээх шалтгаан…
Амьдрал үргэлж дардан байдаггүй. Зарим өдөр нар хүртэл бүдэгхэн мандаж, хийх ёстой бүхэн уул мэт өндөр санагдана. Хичээсэн ч үр дүнгүй, тэмүүлсэн ч хүрэх газар хол мэт мэдрэгдэх үе бий.
Гэр бүл үр хүүхдийн инээмсэглэл, санаа зовнин утас цохих ээж аавын минь дуу хоолой, хэзээ нэгэн цагт биелүүлэхийг хүссэн мөрөөдөл, өөрийн гараар бүтээхийг хүссэн ирээдүй гээд хичээх шалтгаан бидэнд олон бий.
Бид зөвхөн мөнгө олохын төлөө, бусдаас илүү амжилтад хүрэхийн төлөө амьдардаггүй. Харин хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгахын тулд, өөрийнхөө сонгосон амьдралаар амьдрахын тулд, нэг л өдөр “Би чадсан” гэж өөртөө хэлэхийн тулд хичээж буй.
Хичээнэ гэдэг үргэлж хүчтэй байхыг хэлэхгүй. Заримдаа ядарч, шантарч болно. Бүр бүхнийг орхиод хэсэгхэн хугацаанд амармаар санагдаж ч болно. Энэ бүхэн ялагдал биш зүгээр л завсарлага.
Нэг өдөр илүү хичээх, нэг удаа дахин оролдох, өөртөө итгэх итгэлээ алдахгүй байх нь хүртэл ялалт юм.
Амьдрал бидэнд үргэлж хүссэн бүхнийг бэлэн өгдөггүй. Заримдаа хүссэндээ хүрэхийн тулд тэвчээр, цаг хугацаа, золиос шаардана. Гэхдээ бидэнд амьдрах, хайрлах, мөрөөдөх, өөрчлөгдөх боломж байсаар байгаа цагт хичээх шалтгаан ч бас байсаар байна.
Эцэст нь бидэнд төгс амьдрал хэрэггүй. Учир нь бидэнд бууж өгөх шалтгаан байж болох ч түүнээс олон хичээх шалтгаан бий.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!