Албан байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдэж байна. 

 

Өнгөрсөн шөнө гэхэд л согтуугаар автомашин жолоодож осол гаргасан дөрвөн ч тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтжээ.

 


Мөн Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн бол Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ T.Prius маркийн автомашинтай мөргөлдсний улмаас нэг хүн гэмтсэн байна. 

 


Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны замд T.Prius маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн байна. 

 


Энэ мэт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.