Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын нэр хүндтэй “International Mathematics Competition” (IMC)-ийн 26 дугаар олимпиадын нээлт өнөөдөр болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг сурагчид нэг дор чууллаа.

Энэ удаагийн олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй сурагч, тэдний багш, эцэг эх, зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд арга хэмжээ Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Монголын сурагчид 2010 оноос эхлэн тус олимпиадад тогтмол оролцож ирсэн бөгөөд 2025 онд Вьетнам Улсад болсон IMC-ийн 25 дугаар олимпиадад өндөр амжилт үзүүлэн шилдэг цомын эзэн болж, дараагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хүртсэн юм.

Нээлтийн үеэр оролцогчдод хандан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, Монгол оронд тавтай морилохыг хүсэн, тэмцээнд нь өндөр амжилт хүсэв.

Мөн энэ удаагийн олимпиадын үнэ цэнэ зөвхөн оноо, медалиар хэмжигдэхгүй бөгөөд Монголд өнгөрүүлэх дурсамж, шинэ нөхөрлөл, шинээр олж авах мэдлэг, туршлага нь хүүхэд бүрийн ирээдүйд үнэтэй хөрөнгө болно гэдгийг онцоллоо.

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад зохион байгуулж буй нь тус улсын боловсролын салбарын нэр хүндийг олон улсад таниулахын зэрэгцээ монгол сурагчдын математик, шинжлэх ухааны салбар дахь амжилтыг бататгасан чухал үйл явдал болж байна.