Зам тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ)-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын зургаанд болох байсан ч хохирогчийн эхнэр өөрийн биеэр хуралд оролцох хүсэлтээ өгсөн тул шүүх хуралдааныг өнөөдрийн хүртэл хойшлуулсан. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон юм.
Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Шүүх хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны явцад Б.Махбалын өмгөөлөгчид хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийг хаах хүсэлт гаргасан. Учир нь Б.Махбалын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар талийгаач Т.Гомбосүрэн нь хэргийг анх өдөөн турхирсан гэх. Тиймээс Б.Махбал хохирогчоор тооцогдох ёстой гэсэн байна.
Б.Махбал нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг талаар үед бид мэдээлж байв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!