Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 14-ны өдөр 2018 он, 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байран хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ. Тэднийг БЗД-ийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь баривчилсан байна.
Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байжээ. Тодруулбал иргэн Б нь 2009 онд орон нутгийн банк руу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдлэж байжээ. Урьдчилсан мэдүүлгээр иргэн Ш болон Б нар нь нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа аж. Хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Түүнчлэн Дундговь аймаг Сайнцагаан суманд энэ сарын зургааны өдөр иргэн Б-гийн гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэний Жадамба гэх судар алдагджээ. Тус хэргийг энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүлсэн байна.
Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Уг судрыг ашиг болох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтад гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!