“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Гэвч уг хэрэгт прокурор хэрэг бүртгэл нээхээс татгалзжээ.
Мэдээллийг дэлгэрүүлбэл, өнгөрсөн 10 дугаар сарын 13-ны өдрийн 23.25 минутад шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. Ослын талаарх мэдээллийг “Хүннү айр” ХХК-ийнхан нууцалж, хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэх, устгах ажлыг шат дараалан хийж байгаа О.Мэргэншагайн ах Д.Совдын мэдээллийг ч хүргэсэн.
Д.Совд тухайн үед "Дүүгийн минь осолтой холбоотой мэдээллийг “Хүннү айр” ХХК болон Иргэний нисэхийн газрынхан шат дараатайгаар нууц, хэргийн нотлох баримтуудыг устгаж байгаа учраас би энэ мэдээллийг хийхээс өөр аргагүй боллоо. Нэмж хэлэхэд намайг дүүгийнхээ төлөө дуугараад эхлэхээр энэ тэндээс намайг элдвээр дарамтлан заналхийлж байна.
Тэрхүү осол болсноос хойш 72 цаг өнгөрөөд байхад осол болсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас нэг ч удаа өгөөгүй. Иргэний нисэхийн салбарынхан ингэхэд яг юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Осол яагаад гарсныг тодруулж хэлбэл “Хүннү айр” онгоц аравдугаар сарын 13-ны шөнө 23.00 цагийн үед Чингис хаан нисэх буудалд газардсан юм билээ. Том онгоцнууд Ангарт багтдаггүй учраас хучлагаар хучдаг юм байна. Миний дүү тэр онгоцыг хучиж байх үедээ 23.25 минутад өндрөөс унасан.
Гэвч миний дүү онгоцноос унасан гэдгийг шөнө 01.51 цагийн үед мэдсэн. О.Мэргэншагайгийн фэйсбүүкийн найзуудаас нь харж байгаад гэр бүлийнхнийг нь хайж олоод осолдсон гэдгийг хэлсэн байсан. Энэ хэрэг гарснаас хойш гурав хонож байхад ослын талаарх ямар ч мэдээллийг холбогдох салбарын яам, бусад байгууллагаас нь өгөхгүй нууцалж байгаад гомдолтой байна.
Ослын улмаас дүүгийн минь “Гавлын ясны цуурал, хугарал баруунаас чихний уг хүртэл, цус харвалттай, бяцралтай” гэсэн анхны дүгнэлт гарсан бол одоо баруун зүүн тархинд цусны харвалттай, тархины бүх хэсэг гэмтсэн, уушгины хатгаатай, амьсгалын аппаратанд орсон гэдэг сүүлийн онош гарсан" хэмээн мэдээлж байсан юм.
Цаашлаад “ХҮННҮ ЭЙР”-ХХК-ийнхан осол болсон даруйд ажилтнаа өндрөөс унасныг нуун Чингис Хаан олон улсын нисэх буудал руу “Манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгсөн, тухайн өдөр осол гарсныг нисэхийн цагдаагийн хэлтэс мэдсэн ч хуульд заасан үүргээ биелүүлж хэргийн газар үзлэг хийж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах ажлаа орхигдуулсан, хохирогчийг дур мэдэн тээвэрлэсэн, ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүй, зориулалтын машин шат байхгүй, хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллаж байсан, осол гарах үед зориулалтын каск өмсүүлээгүй гээд олон зөрчлүүдийг тэрбээр дурдсан.
Гэвч уг хэрэгт прокурор хэрэг бүртгэл нээхээс татгалзжээ. Прокурор яаралтай тусламж үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23,5 дугаар зүйлд заасан "Хайнга хандах" гэмт хэргийн шинжгүй хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэжээ.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!