Иргэн С.О-гоос Свийтрөүд ХХК-ийн оруулж ирдэг килька гэрийн хажуу талын дэлгүүрээсээ худалдан авахад олон төрлийн маш том амьтан гарч ирсэн тул түүнд шинжилгээ хийлгэж, импортлосон компанийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Иргэний гомдлын дагуу тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Идэрбат нь хяналт шалгалт хийсэн байна.

 

Улмаар  шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр 1902000044 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

 

Холбогдогч Свийтрөүд ХХК-ийн Латви улсаас импортлосон “Herzog jakob килька” нэрийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хадгалах хугацаатай, А017294/01627 цувралын дугаартай, 240 граммаар лаазалсан, нөөшилсөн загасан бүтээгдэхүүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн тайлбар зэрэг нотлох баримтад үндэслэн тус компанийг “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн өнгөрсөн хоёрдугаар  сарын 19-ний өдрийн 0066455 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5’000’000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

 

Тус компанийн импортлосон Нerzog jakob килька нэрийн килькнээс гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн хэлбэрээр илэрчээ. Энэ нь Anylocra.spp буюу  загасны гадна хайрсанд шимэгчилдэг шавж болох нь тогтоогдсон байна.

 

Гэвч Свийтрөүд ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрчээ. Улмаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.

 

Гурван шатны шүүхээс  байцаагч Ц.Идэрбатын гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.