МИАТ-д хар тамхичин нисгэгч байдаг тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэлгэсэн. Тун удалгүй МИАТ-ийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Д.Булганхангай нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд сар орчмын өмнө Германд дараагийн нислэгээ хүлээж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон юм.
Тэгвэл тус нисгэгчийг МИАТ ажлаас нь халжээ. Мөн түүнтэй хамт согтуурсан бас нэг нисгэгчийг мөн ажлаас нь халсан байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан "Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй.
Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явдаг.
Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй" хэмээн TV5 сувагт мэдээлэл өгсөн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!