“Жи тайм” сүлжээ буюу хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусжээ. Улмаар хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлээд байгаа ба хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын аас мэдээллээ.

 

Энэ талаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх “Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах  боломжгүй байсан бол Улсын Дээд шүүхэд санал хүргүүлж, тодорхой журамд өөрчлөлт оруулсан учраас хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон” гэсэн юм

.

Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир Интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Дээрх хэргээс үүдэн 11.734 иргэн хохирсон бөгөөд одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа аж.