Энхтайваны өргөн чөлөөний тодорхой хэсгүүд, тухайлбал, Офицеруудын ордноос Таван шар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг автобус зорчих хэсэг болгосон. Нийтийн тээврийн хэрэгслийг шуурхай зорчуулах үүднээс 2012 оноос ийм зохицуулалт хийсэн ч өдгөө дурын жолооч нэгдүгээр эгнээгээр зорчиж байна. Тэгвэл автобусны замаар зөвшөөрөлгүй зорчдог жолооч нарыг хянахаар 26 байршилд камер суурилуулжээ. Өнгөрсөн жилийн байдлаар 420 мянга гаруй зөрчлийг тус камерын тусламжтайгаар илрүүлсэн. Харин энэ оноос нийтийн тээврийн автобусанд суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашинуудыг илрүүлж, арга хэмжээ авахаар болсон байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд ““Автобусны буудалд хувийн машинтай хүмүүс зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, осол гарах нөхцөл бүрдүүлж байна” гэсэн гомдол цөөнгүй ирдэг. Нийтийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоовол 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгодог. Цаашид автобуснуудын камерыг ашиглан зөрчил илрүүлж, иргэд ая тухтай зорчих боломж бүрдүүлэх юм. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд суурилуулсан камерын бичлэгийг хянаж, мэдээлэл боловсруулах ажилтнууд томилсон. Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирсэн мэдээллийн дагуу өнөөдрөөс (өчигдөр) эхлэн арга хэмжээ авна” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!