Бага насны хүүхэд шүдний чигчлүүр залгисны улмаас хагалгаанд оржээ. Энэ талаар ЭХЭМҮТ, ЕМЗТ-ийн мэс заслын эмч В.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлсэн байна.
Тэрбээр "Эцэг эхчүүддээ дахин нэг сэрэмжлүүлэг хэлье. Бага насны хүүхдүүд томчуудын хийж буй үйлдэл бүрийг ямар ч сэрэмжлэх зүйлгүй дуурайдаг. Хоол идсний дараа шүдний чигчлүүр ашиглаж болно. Гэхдээ шүдний чичлүүрийг хэрэглэсэн бол хаях ёстой. Үүнийг мэдэхгүй хүүхэд томчуудыг дуурайн амандаа хийгээд залгичихжээ. Хэн ч хүүхэд шүдний чигчлүүр залгисан гэж мэдсэнгүй.
Гэнэт хүүхдийн бие өвдөж, хүнд байдалтай эмнэлэгт хандав. Хэвлийн цочмог үрэвсэл тул бид мэс засалд орохгүй бол болохгүй гэсэн шийдвэр гарган, эцэг эхээс зөвшөөрөл авч хагалгаанд орлоо. Гэтэл шүдний модон чигчлүүр нарийн гэдсийг цоо хатгасан байв. Хүүхдийн биеийн байдлыг их хүнд болгосон хэргийн эзэн өнөөх шүдний чигчлүүр байв. Мод рентгенд харагдахгүй тул хэргийн эзнийг мэдэлгүй хагалгаанд орсон, өөрөөр хэлбэл оношлоход хэцүү байлаа. Эцэг эхчүүдээ, хүүхдэд тавих анхаарлаа хэзээ ч сулруулж болохгүй шүү, цаг ямагт сэрэмжтэй байгаарай!" гэсэн байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!