Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд өрөөндөө 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан.
Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэнээс ийнхүү авлига авч байгаад баригдсан.
Хэдийгээр АТГ-аас түүнийг баривчилж, саатуулсан ч шүүх цагдан хориулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр суллаж, гадуур шалгаж байгаа. Хэргийн талаар Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай зүйл орхиод зугтаасан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Тэгвэл Х.Оргил-Эрдэний хахууль авч байгаа бичлэг байгаа талаар Үндэсний шуудан сонин мэдээлжээ. Тэд албаны баттай эх сурвалж “Х.Оргил-Эрдэнийн хятад иргэдтэй утсаар удаа дараа холбогдож, уулзаж, мөнгө авч байгаа бичлэг албаныханд байгаа. Өмгөөлөгчийнх нь ярьсан шиг боодолтой зүйл орхиж явсан хүн байхгүй” хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!