Харуулын байр нь шатаж, харуул өөрөө сураггүй алга болсон хэрэг оны өмнө гарсан ба одоо Онцгой болон Цагдаагийн албан хаагчид түүнийг хайж байгаа аж.

 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр шатаж, тус газар харуул хийж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, 55 настай, эрэгтэй Х сураггүй алга болжээ.

 

Алга болсон иргэнийг тухайн өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул нэгдүгээр сарын 18-наас Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын нийт 23 хүн “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоож өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өглөө 09:00 цагт эрлийг дахин эхлүүлжээ.