Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б. Цэлмэг болон өмгөөлөгч нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ үеэр Хүү Б.Ганхүлэг "Гэр бүлээ төлөөлж, анхны албаны ёсны мэдэгдэл хийж байна. Найман сарын хугацаанд маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Бид нарын хувьд маш урт хугацаа өнгөрч байна. Нэлээд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Хамгийн бага 4 настай дүү маань бэтгэрээд байна.
Ийм өдөр ирнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Цоо эрүүл аав маань өглөө ажилдаа явах гээд гарсан. Төрийн тусгай хамгаалалттай газар, ажлын цагаар ажлаа хийж яваад буцаж ирсэнгүй. Гадны нөлөөтэй гэж шууд үзэж байгаа. Өндрөөс зүүн талаараа унасан гэж байгаа. Гэтэл баруун нүд нь нэлээн том хавдартай. Өндрөөс унасан хүн бас хүзүүн дээрээ заамдалтын мөртэй байх уу.
Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Яаж цаашдаа амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн Төрийн ордон дотор амиа алдсан байна. Ийм хэрэг болчихоод байхад, 8 сар өнгөрч байхад ямар ч шийдэл гарсангүй. Аавыгаа санаж байна. Монгол улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллага аавын минь хэргийг хурдан яаралтай, үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна" гэсэн бол охин Б.Цэлмэг “Эмээ өвөө маань өдөр бүр аавын минь зурагны урд олон цаг сууж, залбирч ээж маань ханиа алдсандаа сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань аавыгаа нэхээд хоолноосоо гарсан.
Үнэхээр бэтгэрч байна. Аавыгаа ороод ирэх юм шиг санагдаад хааяа чихэнд сонсогдоод байна. Аавынхаа хэргийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно. Аавыгаа маш их санаж үгүйлж байна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!