Цагдаагийн хурандаа нар албан тушаалаараа далайлган барилгын компаниудыг дарамталсан талаарх мэдээлэл олны анхааралд байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр эхлүүлсэн төслийг нь дарга, хурандаа нар нь завшиж, дундаас нь хөрөнгө мөнгө идэж, цааш даварсаар өөрсдийн тансаглалдаа тааруулан захиалгаар байр бариулж, түүнийгээ үнэгүй өг хэмээн дарамтлах нь шударга ёс хэрхэн үгүйлэгдэж байгааг сануулах мэт.
Цагдаагийн хурандаа нарын ноцтой энэ үйлдлийн талаар Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн. Ингэхдээ “ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан.
Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэсэн. Цагдаагийн албаны дарга хүнийг яллаад явуулчихдаг юм уу? Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Би хоёр ширхэг пентхаус, 30 ширхэг байрыг хурандаа нарт зүгээр өгөх ёстой юм уу? ЦЕГ-т энэ асуудлаар 2018 онд хандсан. 2019 онд ч мөн хандсан.
Би бүр яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг хүртэл өгөөд байхад намайг дарамтлах байдлаар эргэж ярьсан. Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс мөнгөтэй хүмүүсийн хохирогч болох ёсгүй” гэсэн. Тэгвэл Хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр хурандаа нарын үнэгүй өгөхийн шаардсан пентхаусыг танилцууллаа. Үнэгүй өгөхийг шаардсан пентхаус нь тус бүртээ хоёр давхар, 380 ам метр хэмжээтэй. Нийт 8 өрөө, 4 ариун цэврийн өрөөтэй тансаг зэрэглэлийнх аж. Бусад энгийн байрууд нь 41-80 ам метр. Хэрвээ хурандаа нар тансаглалаа барьж дийлсэн бол цагдаагийн жирийн нэгэн 12 албан хаагч, тэдний гэр бүл дулаан байртай болох бүрэн боломжтой байжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!