Эрүүл мэндийн яамнаас Шинэ төрлийн Коронавирусын халдварын талаар мэдээлэл хийж байна. ЭМЯ болон Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс өгч байгаа мэдээллээр Монгол улсад одоогоор коронавирус илрээгүй, тохиолдол нь бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл энэ талаар “Энэ сарын 23-ны өдрийн Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн гал тэргэнд явсан БНХАУ-ын найман иргэнийг Эрээн хотын эмнэлэг хяналтдаа авч, хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэдгээр иргэдийн орчуулагч болон тус вагонд хамт явж байсан 20 орчим монгол иргэдээс өчигдөр ХӨСҮТ-ийнхөн шинжилгээ авсан. Эхний үзлэгээр тэдгээр иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гэрт нь буцаасан.
Харин нэгдүгээр хавьтлын нэг буюу орчуулагчийг одоогоор ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Эхний үзлэгээр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Шинжилгээний хариу үдээс хойш гарна” гэлээ.
Нийгмийн сүлжээгээр БНХАУ-д коронвирусын илрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хилээ хаах талаар нэлээд шаардлага тавьж байгаа. Тэгвэл энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ямар нэгэн зөвлөмж өгөөгүй гэлээ. Тиймээс Манай улс хилээ хаахгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!