Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалыг нь бууруулжээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлжээ. Харин орлогч прокурор Ц.Насанбатыг албан тушаалыг нь бууруулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилсон байна.  Ш.Нямдоржийн оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон байна. 

Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр " 2021.3.1-нд З.Энхболд надруу ярьсан. 2 сарын 24-ний өдрөөр огноолоод Нийслэлийн прокурорт өргөдлөө өг гэсэн, би өгсөн. Нийслэлийн Ерөнхий прокурор Нямдорж гэдэг нөхрийн туслах нь миний өргөдлийг хүлээж авсан. Бичиг хэргээр аваагүй. 19.30 цагийн үед Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал залгаж, бичиг өгье гэсэн. Тэр нь Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй, надад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Яахаараа Нийслэлийн Прокурорын тогтоолыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Шадар туслах өгдөг юм. 

Бүтэн жилийн турш миний ойрын хүмүүсийг барьж, хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэж гүтгэж, тамлачихаад гуравхан цагийн дотор хэрэгсэхгүй болгосон.    Х.Баттулгын талынхны үгэнд ороогүй болохоор гурав хоногийн өмнө Нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хэрэгсэхгүй болгож, нөгөө хэргийг дахин сэргээчихсэн. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаагийн тод жишээ бол энэ.  Бодит байдлыг хаана ч хэлнэ" гэсэн билээ.