Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан оршин суугчдын төлөөллийн санаачилгаар “SEOUL STREET 30•30” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд амралтын өдрүүдэд Сөүлийн гудамжийг автомашингүй бүс болгон, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсролын олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах юм.
Ингэснээр Баасан гарагийн 18:00 цагаас Даваа гарагийн 04:00 цаг хүртэл Сөүлийн гудамжны автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд аюулгүй орчинд алхах, спортоор хичээллэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм.
“SEOUL STREET 30•30” төсөл нь зөвхөн амралт, зугаалгын орчин бий болгохоос гадна бүх насныханд зориулсан тогтмол хөтөлбөртэйгөөрөө онцлог. Үүнд:
- Спортын тэмцээн, уралдаан
- Нээлттэй дасгал хөдөлгөөний хөтөлбөрүүд
- Оюуны мэдлэг, хувь хүний хөгжлийн сургалт, хэлэлцүүлэг
- Монголын өв соёл, уламжлалыг сурталчлах арга хэмжээ
- Урлаг, хөгжмийн тоглолт
- Залуусын бүтээлч оролцоог дэмжсэн нээлттэй тайзны хөтөлбөрүүд
1996 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон “Хүүхдийн зуу”-г албан ёсоор Сөүлийн гудамж хэмээн нэрлэсэн бөгөөд энэ жилийн 30 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төсөл нь тус гудамжийг иргэдийн амралт, соёл, спортын нээлттэй орон зай болгон хөгжүүлэх зорилготой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- Website: www.seoulstreet.mn
- Email: contact@seoulstreet.mn
- Facebook: Seoul Street UB
- Instagram: @seoulstreetub
- TikTok: @seoulstreetub








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!