Монголоос “арчигдсан” Андлалын өргөө БНХАУ-д баригдана...

Хэнтий аймгийн Батноров сум нь Их эзэн Чингис хааны үнэнч анд Жанжин Боорчийн өлгий нутаг гэгддэг. Энэхүү нутагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг хоёр жилийн өмнөөс барьсан ч өнөөг хүртэл хэл амны бай болсоор өнөөдөр ийнхүү нураагдаж, салхинд хийслээ.

Уг нь энэ цогцолбор 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй, газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж. 

Харамсалтай нь, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийн зураач Д.Эрдэнэбилэг бүтээн байгуулалт өрнөх явцад тэнгэрт хальж, дутуу баригдсан хөшөө нь олны хэл амны бай болсон юм. Тэгвэл  МУСГЗ Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлийнхэн "Андлалын өргөө" бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол улсын иргэнд өгөхгүй байх шийдвэр гаргажээ.

Улмаар Өвөрмонголд тус оюуны өмчөө худалдаж ашиглуулахаар болсон байна. Нэгэнт тус бүтээлийн эрхийг худалдан борлуулсан тул ашиглахад хүндрэлтэй болсон тул ийнхүү өнөөдөр Андлалын өргөөг нурааж байна.  

Өвөрмонголын Ордос хот дахь Чингисийн онгон цогцолбор байдаг.  Таван га гаруй газрыг хамарсан энэхүү цогцолборт очсон хүн болгон Монголын түүх соёлыг харуулсан хөшөө цогцолбор, музей, гэр ордноор зочилж, Монголын талаар, Монголын түүхийн талаарх мэдлэгээр өргөжүүлээд гардаг. Түүгээр ч барахгүй эзэн Чингис хааны тахилгын онгон байгуулж, зан үйлийн танхимыг байгуулсан нь монголчуудын ч очиж үзэх дуртай газрын нэг болсон.

Тэгвэл Өвөрмонголд эзэн Чингистэй холбоотой дахин нэг бүтээн байгуулалттай болох нь. Сүүлийн хоёр жилийн турш хүмүүсийн хараал, ерөөлийн бай болсон "Андлалын өргөө" тэнд босох нь.

Уг нь түүхэн аялал жуулчлалын цогцолборууд эдийн засгийн үр өгөөж өндөр байдгийн жишээ гадны орнуудад өчнөөн бий. Бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, жилд сая саяар нь жуулчид татаж, тэр хэрээр улс орон нь хөгжин дээшилсээр байгаагийн жишээг БНХАУ-аас гэхэд л хэдэн зуугаар нь харж болно. 

Бид Чингисийн үр сад хэмээн цээжээ дэлддэг ч  өвөг дээдэс минь гээд харуулчих олигтой байгууламжгүй улс. Ганц нэг эхлүүлсэн төслөө газар дор ортол нь муулсаар эцэстээ салхинд ийн хийсгэв. Учир нь дутагдал байгаагүй биш байсан. Гагцхүү бид түүхэн асуудалдаа нэгдмэл байх учиртай.

 Хурдацтай даяаршиж буй энэ зуунд улс орнууд түүхээрээ ялгарахаас өөрцгүй. Гэвч хэл амнаасаа болж, хэн нэгнийг голд  ортол нь гомдоож, талийгаачийнхаа ясыг нь өндөлзүүлж, төрөл садныг нь амныхаа зоргоор доромжилсныхоо горыг монголчууд амсаж байх шиг... Аялал жуучлалын зургаан том төслийнхөө нэгийг гаднынханд алдчихлаа. 

Өдгөө “Их эзэн-Чингис хаан” цогцолбор, “Хүлэг баатар Боорчи-андын барилдлага” цогцолбор,  “Шихихутаг- Их засаг хууль” цогцолбор,  “Монголын нууц товчоо” цогцолбор,   “Их хуралдай” цогцолбор,  “Монголын далд уул уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” зэрэг цогцолборуудын бүтээн байгуулалтууд явагдаж буй. 

Хэдийгээр "Андлалын өргөө" нурсан ч аялал жуучлалын энэ мэт төсөл алсрах учиргүй.  Гэвч эдгээр бүтээн байгуулалтууд нурахгүй байх баталгаа алга. Хэнтий аймгийн Биндэр суман дахь Их хуралдай цогцолборын  бас л хэл ам дагуулсаар. 

Бид өөрсдийнхөө түүхийг өрөөлийн нутагт очоод биширч суух л заяатай ард түмэн биш баймаар.