Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн хөндий гэх газарт 2017 онд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч бүтэлтэй болж чадаагүй. Бүтээн байгуулалтын явцад зохиогчийн эрхийн маргаан гарч, улмаар өнгөрсөн наймдугаар сард Андлалын хөшөөг  нураасан юм. 

Хөшөөг нураасны дараа "Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч М.Зоригт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат нар мэдээлэл хийж, Андлалын өргөөний суурин дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар хандивын аян зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ хөшөө баригдаж, нээлтээ хийхээр болжээ. "Тэнгэрийн андгай" гэх хөшөөг тун удахгүй нээх аж.

Цогцолборт байрших хөшөөнөөс гадна хашаа, буган хаалга нь мөн л А.Очирболд барималчийн бүтээл бөгөөд Буган хаалгыг өмнө нь наадмын нээлтэд ашиглаж байжээ.  

Энэ талаар М.Зоригт “Энэ Андлалын хөшөөг манай Сүхбаатарын залуу, уран барималч Очирболд ямарч үнэ төлбөргүй хийсэн гэдгийг мэддэг ч юм уу. Ер нь бусад ажлууд ч ийм л зарчмаар явсан, тэр наадмын гээд байгаа буган хөшөө тэнд 6 байсан бол энд 12 байна” гэх тайлбарыг хийсэн байна.