Засгийн газраас Автозамын түгжрэлийг бууруулах хувилбарт Автомашины эрэлт нийлүүлэлтэд хэд хэдэн арга хэмжээ авахаар санал гаргаж буй талаараа танилцуулсан. 

Эдгээр саналуудад  насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатарт шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох  зэрэг саналууд байгаа юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ талаар  “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэдэг шийдвэр гараагүй. Ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Улаанбаатарт бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн.  Он гарахад 700 мянгад хүрэх байх. Хэрэв зохицуулалт хийхгүй бол 3 жилийн дараа Улаанбаатарт 900 мянгаас 1 сая хүртэлх машинтай болох тооцоо гаргасан. Замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цаг байсан бол энэ жил 10 км цаг болж буурсан.  Венийн конвенцид нэгдсэнтэй холбогдуулан 2028 оноос эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох санал оруулсан. Тэр болтол машинууд хэвийн хөдөлгөөнд оролцоод явна гэсэн үг" гэх тайлбарыг өглөө.