Хэсэг залуус Монгол Улсын 330 суманд зөөврийн номын сан байгуулахаар нэгдэж “Magic Box” төслийг санаачилсан байна. Төслийн нээлтийн үйл ажиллагааг дэмжиж Д.Энхтайван “The Open Mic Mongolia”-гийн ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж байна. Дуу, хөгжимд дуртай Д.Энхтайван 2009 оноос хойш “The Open Mic Mongolia” эвэнт арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тэрбээр дуулах сонирхолтой, мөрөөдөлтэй боловч түүнийгээ хараахан биелүүлж чадаагүй яваа залууст дуулах боломж олгохоор шийдэж уг арга хэмжээг задгай талбайд зохион байгуулж эхэлсэн. Д.Энхтайван хүмүүсийг дуулах орчин, мэргэжлийн хөгжим, техникээр хангадаг. Тэр 12 жилийн хугацаанд 600 гаруй удаа эвэнт зохион байгуулсан бөгөөд Монголын орны 21 аймагт энэхүү арга хэмжээгээ тогтмол зохион байгуулдаг болохыг хүсэж байгаа ажээ.
М.Ариунзаяа, /Монгол улсын Боловсролын их сургуулийн оюутан/
- Би Монгол Улсын Боловсролын их сургуулийн Хөгжмийн багшийн ангид сурдаг. Дуулах сонирхолтой. Ээж маань надад бага байхаас минь уртын дуу зааж өгсөн. Ээж маань мэргэжлийн дуучин биш ч гэсэн өөрийн сонирхдог зүйлээ надад өвлүүлж, уртын дууг зааж өгсөн. Би уртын дуу дуулах дуртай болохоор сурч чадсан.
Б. Цолмон /Magic Box” номын сангийн төслийн санаачлагч)
- Open Mic нь хүн гаднаас нь харахад заримдаа цөөхөн хүн цугласан юм шиг харагддаг. Заримдаа маш олноор нь Энхтайван хүмүүсийг цуглуулж чаддаг. Жишээ нь өнөөдрийн арга хэмжээн дээр 50 орчим хүн цугларах шиг боллоо. Манай “Magic Box” номын сангийн төсөл нээлтээ хийж байгаа. Энэ арга хэмжээг Энхтайван найз маань хамтраад, надад туслаад Open Mic өдөрлөгөө зохион байгууллаа. Хүүхдүүд цүнх дүүрэн номтой ирээд номоо хандивлаад, бас дуугаа дуулчихаад явж байна. Энэ маш хөөрхөн. Энэ нь өөрөө нийгмийн хариуцлагын хүрээнд нүүдлийн номын сан хийж байгаа гэдэг мессежийг олон нийтэд дуугаар болон номоор дамжуулж түгээхэд маш их тус болж байгаа зүйл. Хүүхдүүдийг номонд дуртай болгох хэрэгтэй.
Д.Энхтайван, /“The Open Mic Mongolia төслийн санаачлагч/
- “Анх Open Mic бий болсон хугацаа нь 2009 оноос эхэлсэн. Бөэрний гээд нэг гадаад хүн, Золоо гээд бас нэг ах маань хамтдаа хүүхдүүдэд хөгжим зааж эхэлсэн. Би тэдэнд туслаад хамт явж байсан. Ах нар маань маш гоё зүйл сэтгэж хийж байгаа нь миний дотор байсан багын мөрөөдөлтэй нийцэж байсан. Хөгжим сураад маш их урамшиж байгаа хүүхдүүдэд дуулах хэрэг гарч байгааг би анзаарч хараад би ах нартаа санал тавьсан. Хөгжим сурсан хүүхдүүддээ зориулаад нэг өдөр гаргаад, нээлттэй хүмүүсийг дуулуулдаг болгож үзэх үү гэсэн. Эхний удаа зохион байгуулж үзэхэд маш гоё байсан. Түүндээ урамшаад 7 хоног бүр зохион байгуулахаар шийдээд хийж эхэлсэн. Санааны хувьд дэлхий даяар нээлттэй арга хэмжээ зохиогоод хэн ч хаана ч хамаагүй хөгжим тоглоод найз нөхдөөрөө дуулдаг. Гэвч бидний гол зүйл нь тууштай, тогтмол явуулж удаан хугацаанд зохион байгуулснаар гэр бүл шиг маш том хүрээлэлтэй болсон.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!