Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд 500 мянган төгрөгийн торгуулийн ял оноожээ. Сүхбаатарын талбай дээр өнгөрсөн долдугаар сард “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулах үеэр Д.Амартүвшинд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм.

Д.Амартүвшин: 

- Өнгөрсөн долдугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцсан. Наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Хавтаст хэрэгт авагдсан материалууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурал 14 хоногоор хойшлогдсон. Түүнээс хойш сураггүй байсан шүүх хурал гэнэт мягмар гарагт болохоор товлогдсныг дуулгасан. Хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учраас өнөөдрийг хүртэл хойшлуулсан. 

Гэвч өнөөдрийн шүүх хуралд танилцуулагдсан материалууд нь өнгөрсөн наймдугаар сард нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн материалууд байсан. Дээр нь мэдүүлэг авсан хүнийхээ гарын үсгийг зуруулаагүй байсан. Ийм нотлох баримтын шаардлага хангахгүй материалууд дээр үндэслээд Булгантамир бид 2 т шүүхээс Зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарлаа. 

Би хуулиа дээдэлдэг хүн. Хамгийн гол нь надтай хариуцлага тооцож байгаа бол олон мянган хүн цуглуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцно биздээ. Би ихдээ 50-60 хүн цуглуулсан. Ингэхдээ хоорондоо 3 метрийн зай барьсан. Гэтэл сар гарны дараа хэдэн мянган хүн цуглуулж, махан овоо босгосон хүнд ямар хариуцлага тооцох вэ. Үүнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлмйн хэрэг үүсгэнэ биздээ. Хэрэг хуучирдаггүй. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцохгүй бол шударга ёсонд нийцэхгүй шүү.