БНХАУ-ын Эрээн хотын боомтоор импортын бүтээгдэхүүн, ачаа бараагаар ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээвэр хийхээр шийдвэрлэсэн. 

Шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн.

Монгол улсын хувьд Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлсэн. Улмаар дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн. 

Албаныхан  арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон гэх мэдээллийг өгч байсан ч тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилжээ. Учир нь Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилсон байна.