Улсын начин Э.Энхбатын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаасан байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хянаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн баасан гаригт тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хэргийн материал дутуу гэх шалтгаанаар буцаагдсан. Тэгвэл түүний хэрэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ.  Прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан.  Улмаар гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж байсан. Үүнээс нэг сар гаруйн дараа шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.