“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа.
НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах дундын агууламжаас хоёр дээш авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй. Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазаар дамжуулан иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ лхагва гарагаас албан ёсоор хэрэгжүүлнэ. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хангамжийн баазуудад хураана” хэмээв.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!