БНХАУ халдварын улмаас Эрээн хотын авто тээврийн боомтыг хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Улмаар хоёр улсын тохиролцооны дагуу энэ сарын 10-наас чингэлэг тээврийн ажиллагааг эхлүүлсэн ч дахин тодорхойгүй хугацаагаар хилээр автомашин орж, гарах хөдөлгөөнийг зогсоосон талаар өчигдөр мэдээлэгдсэн. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрээн хотын боомтыг дахин хаах шийдвэр гараагүй. Харин БНХАУ-аас манай талд дахин шинэ шаардлага тавьсан учир автомашин нэмж оруулахгүй байгаа аж. Тодруулбал БНХАУ-ын талаас хилийн 0 цэг орчимд халдварын эрсдлийн анализ хийнэ, тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ. Эдгээр ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэх шийдвэр гаргасан байна.

Харин манай талаас шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг тавьж байгаа юм байна.  

Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл "Энэ бол нөгөө талаас гадаад харилцааны асуудал тул дипломат аргаар харилцан биенээ ойлгон ажиллах гэдэг талаас хэт их олон нийтийн сэтгэлзүйд авталгүй ажиллах нарийн ширийн юм бий.

Тиймээс дахин хэлье, Эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, дахин нэмэлт шаардлага гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чухал байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.