2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эх яагаад эндэв” Итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд боллоо.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хүрээнд сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 15 хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байна.

"ЭХИЙН ЭНДЭГДЭЛ - НИЙГМИЙН ХҮЧИН ЗҮЙЛС" хэлэлцүүлэг нь судалгаанаас гарсан зөвлөмжийн хүрээнд хийгдэж байгаа хариу арга хэмжээний нэг бөгөөд хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын ХАС-ийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон, зөвлөх эмч С.Хишгээ, Хүний эрхийн үндэсний хорооны Хүний боловсрол, судалгаа хариуцсан газрын дарга З.Өнөржаргал, “Гал Голомт төсөл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Х.Энхжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар панелистын үүргээр оролцож харин ДЭМБ, НЭМГ, Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, АШУҮИС, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Монголын оюутны холбоо, Жендэрийн Үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Гүнж төв” ТББ зэрэг байгууллагын төлөөллийг оролцууулсанаар цаашид эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүдийг бууруулах хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход чухал хувь нэмэр орууллаа.


Эхийн эндэгдлийн тохиолдлыг “Итгэмжит лавлагаа” аргачлалаар судлахын үндсэн зорилго нь эндэгдлийг бууруулахад гол бэрхшээл хаана байгааг олж илрүүлэх, цаашид эхийн эндэгдлээс сэргийлэхэд хийж болох хариу арга хэмжээг тодорхойлоход эрүүл мэндийн салбарт болон тухайн нийгэм, хамт олныг шаардлагатай зөвлөмж, мэдээллээр хангах, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлж өгөхөд оршино. Эхийн эндэгдлийн "Итгэмжит лавлагаа" судалгаанд 2016-2019 онд Монгол Улсын хэмжээнд эндсэн эхийн мэдээллийг ашигласан болно. 

Судалгааны үр дүнгээс харахад:

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ.

Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүд: Энэ удаагийн үнэлгээгээр эхийн эрүүл мэнд, эндэгдэл өнөөдөр дан ганц эрүүл мэндийн системийн асуудал биш, энэ нь маш өргөн хүрээнд авч үзэх орчин үеийн нотолгоонд суурилсан эмчилгээний арга, технологи шаардсан нийгмийн эрүүл мэндийн архаг өвчин болж байгааг анхааруулсан чухал асуудлуудыг хөндөж байна. 

Тухайлбал: 2016-2019 онд эндсэн эхийн эндэгдэлд эмийн бодисын хамаарал, архины хамаарал, архаг тамхидалт, ар гэрийн хайр халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлж байна.