Цагаан сараар яах юм бэ? гэх цахим санал асуулгад оролцсон 10 хүн тутмын 9 нь тэмдэглэхгүй гэж хариулжээ. Гэвч хүүхэд хөгшид нь хөөрөөд эхлэхэд надад ямар сонголт байгаа юм бэ? гэсээр цомхон боловч тэрүүхэндээ бэлдэхээс аргагүй.


ЦАГААН САР ЕР НЬ ХЭР ЗАРДАЛТАЙ БАЯР ВЭ? 


Монголчуудын 60 гаруй хувь нь энэ баярыг тэмдэглэдэг. Нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг Цагаан сард зарцуулдаг байна. Харин одоо бол барааны үнэ дор хаяж 2 ДАХИН нэмэгдсэн. Тиймээс энэ удаад нэг өрхөд ногдох зардал 4-5 сая гарахад гайхах зүйлгүй. Дээр нь бараа хомсдолтой үед бизнес эрхлэгчид ЦАГААН САРыг хүлээж буй нь тодорхой биз ээ. 
 
 
ӨРХИЙН ХҮНСНЭЭС БУСАД ЗАРДАЛ БУУРСАН ДҮР ЗУРАГТАЙ БАЙНА.


Манай өрхүүдийн ихэнх нь цалингийн орлогоос хамааралтай. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд цалин нэмэгдэх байтугай буурсан нь олонтаа. 

Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийдэг хойно тогтмол орлого нь өсөхгүй үед өрхүүд зардлаа ач холбогдлоор нь эрэмбэлж эхэлсэн. Эцэст нь идэж, уухаасаа бусдыг нь бараг хассан даа(зураг 3). 
 
850 МЯНГА ГАРУЙ ӨРХИЙН 56 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ. САР БҮРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД ХҮНД БАЙНА. 

Зээл бол муу зүйл ердөө биш. Гол нь бид чадалдаа тохируулж ашиглаж байвал үр өгөөжөө өгөөд байх нь тэр. Гэвч 2 жил үргэлжилсэн ковид өрхүүдийн зээл төлөх чадварыг бууруулж байна. Өнөөдөр 20 зээл тутмын 1нь чанаргүйдэж, 10 зээл тутмын 1-нь хугацаа хэтэрч байна. Тэгэхээр эндээс хялбархан тооцоолол хийж болно. Цагаан сараар бол дор хаяж жилийн хугацаатай зээл нэмж авна. 

2022 ОНД ӨРХИЙН ОРЛОГО ӨСӨХ ҮҮ?


2022 онд орлого өсөхөөргүй байна. ААН-ийн хувьд тулгарч буй хүндрэлийг судлахад 72.9 хувь нь санхүүгийн байдал хүндэрсэн гэжээ(Цар тахлын нөлөөллийн судалгаа, 2021). Ийм үед ажил олгогчийн зүгээс цалингаа нэмэх боломжгүй. Ажилтан талдаа авч үзвэл, 4 хүн тутмын 1 нь орлого буурна гэж бодож байна(Хэрэглэгчийн итгэлийн индекс, 2021).

Зоосны нөгөө тал болох өрхийн зарлага ч мөн өсөхгүй нь байна. 2022 онд өрхийн зарлага талд хэд хэдэн нэмэлт дарамт тулгарахаар байна. Зарлага талд инфляц гэх гайхал дээр нэмээд төрийн тэтгэмжүүд дуусах, зээлийн төлөлтүүд эхлэх зэрэг дарамтууд орж ирэхээр байна.

Дээр нуршсан олон зүйлсийн дүгнэлт нь санхүүгийн нөхцөл байдал хүнд, цаашид ч хүндрэхээр байгаа нөхцөлд ЦАГААН САР нэмэлт дарамт болохоор байна. Өрхийн эдийн засаг талдаа нэг иймэрхүү.

Эрүүл мэнд талаасаа нэмж хэлэх нь илүүц биз ээ. ЦАГААН САР тэмдэглэхэд тархалтын тоо ч өдрийн 15 мянга гарах төлөвтэй байна. Тиймээс иргэд маань ЦАГААН САР аль болох цомхон тэмдэглэх нь өрхийн эдийн засагтаа ч хэмнэлттэй, эрүүл мэнддээ ч эрсдэл багатай билээ.

Эдийн засагч Г.Батзориг