Манай улсын хууль эрхзүйн орчин хүүхдэд ээлгүй байгаагийн нэг шалтгаан нь үрчлэлт. Хүүхэд эцэг эхийн хайр халамжид өсөх ёстой. Гэвч гэр бүлийн санхүүгийн хүндрэл зэрэг бусад шалтгааны улмаас асрамжийн газрыг зорьсон хүүхдүүд дахин гэр бүлтэй болох боломж манай улсын хууль эрхзүйн орчинд дутмаг байна. Тодруулбал, Монгол Улсын нийслэлд 823 хүүхэд асрамжийн газарт амьдарч байгаагаас сүүлийн таван жилийн хугацаанд 53 хүүхэд нь л бусдад үрчлэгджээ. Үүний шалтгаан нь хүүхэд үрчилж авахад шаардагдах бичиг баримтаас эхлээд олон байгууллагаар дамждаг нь байдлыг илүү төвөгтэй байдалд оруулж, гэр бүлүүдийг хүүхэдтэй болох хүслийг нь мохоодог байна.  Харин авууштай нь сүүлийн үед хаягдсан хүүхдийн тоо буурчээ. Энэ нь хуулийн байгууллагынхны хүчин чармайлтаас гадна Эрүүгийн хуульд хүүхэд хаях гэмт хэрэг үйлдвэл 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалт нэмж оруулсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтад зохиж тус нэмрээ өгсөн байна. 


ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Болормаа: 


- Эрүүгийн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан “Хүүхдээ хаях, төөрүүлэх” гэмт хэрэг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад зургаа бүртгэгдсэн. Энэ Эрүүгийн хуулийн 16.3-т “Эцэг эх, асран хамгаалагч нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдээ зориуд хаяж төөрүүлсэн” бол тухай хүнийг нийтэд тустай хөдөлмөр хийлгүүлэх, торгох, хорих ялаар шийтгэдэг. Энэ хэргийн улмаас тухайн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацааны хорих ял шийтгэнэ гэдэг хуулийн хариуцлагатай байдаг. 



Нийслэлийн ГБХЗХХ-ийн Асрамж, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаяр: 


- Ер нь бол сүүлийн таван жилийн хугацаанд үрчлэлттэй холбоотойгоор асрамж, халамжийн төвөөс 2015 - 2021 оны хооронд 53 хүүхэд үрчлэгдсэн гэсэн статистик тоон мэдээлэл гарсан. Нийгмийн хүндрэл, бэрхшээлүүдтэй холбоотойгоор орон гэргүй, гудамжны, тэнэмэл хүүхдүүд гэх ойлголт их байсан. Сүүлийн үед энэ хандлага гайгүй болсон. Хараа хяналтгүй хүүхдүүд цөөрсөн” гэв.


Иргэн О.АНАР:  

- Манай нэг найз байдаг. Нөхөртэйгөө олон жил ханилаад хүүхэдтэй болдоггүй байсан. Эцэст нь тэр хоёр маань яахаар шийдсэн бэ гэхээр хүүхдээ үрчилж авахаар болоод зохих байгууллагуудад хандсан. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт нь их ажиллагаатай учир цаг хугацаа их орсон. Зарим бичиг баримтаа хөөцөлдөх талд нь бид хамтдаа явсан. Их төвөгтэй юм билээ” гэв.

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг