Манай улсын хувьд 2-р сарын 14-нөөс эхлэн  Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар төвшнийг цуцалж хэвийн байдалдаа орж ЕБС-ийн хичээл болон цэцэрлэг 100% танхимаар орж эхэлж байна. Үүнтэй холбогдон COVID-19 халдварын тархалт нэмэгдэх үү? Энэ өвчний үед урьдчилан сэргийлэх, болон эмчилгээ хэрхэн хийх талаар  Оточ Манрамба их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, профессор Г.Чойжамц багштай ярилцлаа.

 
- Өнөөдрийн байдлаар COVID -19 халдварын нөхцөл байдал ямар байна гэж та харж байна вэ?

- COVID-19 нь хүн төрөлхтнийг хамарсан дэлхийн хэмжээний том халдвар болж үргэлжилж байна. Манай улсын хэмжээнд төдийгүй дэлхийн ихэнх орнууд цар тахлын хөл хориог сулруулж хэвийн амьдралд шилжүүлэх гэж чармайж байна. Өөрөөр хэлбэл COVID-19-тэй хамт аж төрж амьдарч ажиллах хэрэгтэй болж байна гэсэн үг. Анагаах ухаан талаас харвал  вирусийн хоруу чанар нэлээд буурсан буюу үхэлд хүргэх өндөр эрсдэл нь багасч байгаа боловч вирус мутацид орж илүү түргэн халдварлах шинж чанартай болж байгааг мартаж болохгүй. Одоогийн тархаад байгаа омикрон хувилбар нь өмнөх дельта хувилбараас 50 мутациар илүү ялгаатай. 50 мутаци дотор 15 мутаци нь илүү халдварламтгай болсон  байгаа юм. Мутаци дотор 4-р байршилд байгаа  мутаци нь эсрэг бие үүсэлтийг багасгадаг онцлогтой. Өмнө өвдчихсөн, вакцин хийлгэчихсэн надад халдахгүй байх гэж найдаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.


- Хөл хориог бууруулж байгаа энэ нөхцөлд  АУ-ны салбар өөрөө  сүргийн дархлаа гэдэг зүйлд итгэж найдаж байна гэсэн ойлголт байна. Тэгэхээр сүргийн дархлаа гэдэг зүйл байдаг уу? Мөн омикрон хувилбар хэдий хугацаанд үргэлжлэх бол ахиад мутацилагдаж өөр вирус болж өөрчлөгдөх боломжтой юу?

- Нэг талаас харахад вирусийн хоруу чанар багассан, үхэлд хүргэх эрсдэлийн хувь буурч байгаа. Хүн төрөлхтөн бүтэн 2 жилийн турш хөл хорионд орж вирусийн халдварын нөхцөлд аж төрж, амьдарч сурах дадлага туршлага олж авлаа. Дэлхий нийтээр эдийн засгийн хохирол учирч байгаа учир энэ байдлаас гарахын тулд хөл хориог сулруулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүргийн дархлааны тухайд Ахуйн нөхцөлийн дархлаа гэж байдаг халдвартын эмнэлэгт насаараа ажилласан хүн шарлаж байгаагүй л байдаг. Тэр хүн үргэлж халдварт шар өвчний голомтод ажилласан учир халдвар аваад эсрэг биет үүсч тэр нь өөрийг нь хамгаалаад явж байна гэсэн үг.


- Эмчилгээний тал дээр хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дур мэдэн эмчлэх тохиолдлууд байна. Мөн улсын эмнэлгээс хүн бүрт хүрч үйлчилж хүрэхгүй байх шиг байна. Та АУ-ны доктор, профессор хүний хувьд ямар эмчилгээ зөвлөх вэ?
- Ковид-19-ийн үүсгэгчийн эсрэг сонгомол үйлдэлтэй эмийг Шинжлэх Ухаан өнөөдрийг хүртэл олж чадаагүй байна. Ремдесивир, Фавипиравир гэдэг эмийг  манайд хэрэглэж байгаа.
Уламжлалт анагаах ухаан, Европ анагаах ухааны эмчилгээнд аль алинд нь байгаа зүйл бол хүний интерферон юм. Интерферон гэдэг нь ямар нэгэн вирусийн халдвар хүний биед гаднаас орж ирэхэд хамгийн түрүүнд эсээс нь ялгарч вирусийн эсрэг өөрийг нь хамгаалдаг биологийн хүчин зүйл юм. Энэ цитокин нь гарч ирж дохиолол дамжуулагч уургуудыг идэвхжүүлж өгөхөөр Интерферон рецепторийг сэргээж эсийн өөрийгөө хамгаалах дархлалын урвалыг өдөөж өгдөг.


Интерферон альфа, интерферон гамма, интерферон бетта зэрэг нь хучуур эдийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэгч хүчин зүйл, ялтаст эсийн төлжилтийг идэвхжүүлэгч хүчин зүйл гэх мэт тодорхой хүчин зүйлийг идэвхжүүлээд түүнийхээ үр дүнд өвчний эмгэг жамыг тасалж эдгэрэлтийг түргэсэх  боломжийг олгож өгч байна гэсэн үг. Зарим хүнд интерферон хангалтгүй байх хувь хүний онцлог байдаг. Хамт байгаа хүмүүсийн нэг нь ханиаданд маш өртөмтгий, нөгөө хүн нь огт өвдөхгүй яваад л байдаг. Түүний цаана олон хүчин зүйл байгаа ч хамгийн эхний ШУ-ны таньж мэдсэн зүйл бол интерферон шүү дээ. 
Зарим хүмүүс интерфероны хомсдолтой байдаг. Тийм хүнд интерфероныг юмуу эсвэл интерфероныг үүсэхийг өдөөгч бэлдмэлүүдийг гаднаас нь хийж өгөх хэрэгтэй. Жишээ нь манай зах зээл дээр вифероны лаа, кагоцел гээд идэвхжүүлэгч эм байдаг. Ийм вирусийн эсрэг  эмийг хэрэглэж эхлэхээр интерфероны титр нэмэгдээд вирусийн халдвараас өөрийгөө нь хамгаалах ач холбоглолтой болж байгаа юм. Хүн бүр халдвараар өвчлөх, эдгэрэлт нь өөр өөр байгаа шалтгаан нь организмын өөрийнх нь потенциал өөрийгөө эрүүлжүүлэх, хамгаалах дархлааны урвалжийн чадамжаас хамаарна.

Интерфероны талаарх ойлголт нь КОВИД-19-ийн халдварын үеэр асар их гүнзгий болж байна. Түүнчлэн CD73-т нөлөөлж байна. CD73-т нөлөөлж эхлэхээр интерферон гэдэг нь зөвхөн вирус болон халдварын эсрэг бодис биш хавдрын эсрэг чухал нөлөөтэй бодис гэдгийг шинжлэх ухаан нотолж гаргаж ирлээ. Шинжлэх ухаан энэ хугацаанд вирусийн халдвар түүний эмгэг жамын талаар ч их гүнзгий судалж таньж, мэдэж, ахиц гаргаж авлаа.

Тэгэхээр интерфероны талаар иргэд маш зөв ойлголттой болох хэрэгтэй. Интерферонд найдаж болно. Бид өөрийн хүссэнээрээ интерфероныг нэмж, хасч өөрчилж чадахгүй. Организм өөрөө халдвар, гэмтэл, эсийн төвшний стресс урвалын үед л интерфероноо үйлдвэрлэдэг. Тэгэхээр хангалттай интерферонтой байлгаж чадах юм бол үр дүнтэй. Жишээ нь C гепатетээр халдвар авсан 100 хүнээс 20 нь архаг C гепатиттэй болдог. Тэдгээр нь интерфероны хомсдолтой хүмүүс юм. Цаашлаад 5% нь хавдартай болдог  гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон байдаг. 

Тиймээс манай зах зээл дээр байгаа интерферон агуулсан бэлдмэлүүдээс хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.