Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан залуу үед түүний амьдрал тэмцэл болон шийдвэр гаргах түвшинд жэндерийн мэдрэмжийг хэрхэн шингээн ажиллаж байсныг таниулах зорилгоор ЭШБХ-ыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ нь Ю Филм уран бүтээлийн нэгдэлтэй хамтран зохион байнуулж байна.

С.Удвал нь монголд өрнөсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний томоохон төлөөлөл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, үзэл суртлын чанга хатуу дэглэмтэй үед олон эрчүүдтэй мөр зэрэгцэн нам, төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Эмэгтэйчүүдийн Хороо гэх олон нийтийн хоёр томоохон байгууллагын зэрэг амжилттай удирдан, олон жил ажилласан түүхэн эмэгтэй юм. 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд өмнө нь дэлгэгдэж байгаагүй зарим түүхэн баримт, Монголын эмэгтэйчүүдийн боловсрол, эх хүүхдийн эрүүл мэнд, нийгэмд оруулсан түүний хувь нэмэр, жендэрийн эрх тэгш байдлыг төрийн бодлого болон төсөвт хэрхэн шингээж ажиллаж байсан талаарх үндсэн илтгэл танилцуулагдах юм.

Холбогдох мэдээлэл:
ХХ зууны шинэлэлийн үед монгол эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж бовсрол эзэмших, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлыг цаг хорогдуулах, амралт чөлөө өгөх, эхчүүдийн амрах байр бий болгох, хөнгөлөлт тэтгэмж, урамшуулал олгох арга хэмжээг тухайн үеийн шийдвэр гаргах дээд шат буюу БНМАУ-ын Ардын Их Хурал, Сайд Нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрх зүйн боломж нөхцлийг хангаж байсан. 

Үүний үр дүнд 1940 онд их дээд сургуулийн оюутны 38% эмэгтэй байсан бол 1980 онд 56.4% болсон, 1940 онд улсын хэмжээнд 6 цэцэрлэг байсан бол 1980 онд 617 цэцэрлэг, 400 яслитай болж эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ тасралтгүйээр цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж, улс эх орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байв. Ард олны дунд СОЁЛЫН ДОВТОЛГОО өрнүүлж, хэрхэн хувийн ариун цэвэр сахих, гэр орон, хашаа хороо, ажлын байран дээр эрүүл аюулгүй орчин үүсгэх талаар зааварчилгаа, үзүүлэн сургалт хийж орон даяар хөдөлгөөн өрнүүлж байв.
Эдгээр нь төрийн бодлого шийдвэр, төсөв төлөвлөлт гүйцэтгэлд жендэрийн мэдрэмжтэй хандаж байсны илэрхийлэл бөгөөд үүний тод баримт нь Сономын УДВАЛ-аар удирдуулсан төр олон нийтийн статустай байгууллага болох Монголын Эмэгтэйчүүдийн Хороо, түүний 21 аймаг 330 гаруй суманд байрлах Салбар зөвлөлүүдийн идэвхтэн эмэгтэйчүүдийн нөр их сэтгэл, хөдөлмөрийн үр дүн байсан.

Өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь төрийн бус байгууллагын статустай, 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт болон 330 гаруй суманд сайн дураар, цалин хөлсгүй ажиллаж буй эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хэвээр үйл ажиллагаа явуулж байна.