Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон. 

Гэвч О.Бархасбадь өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс шүүх хуралдааныг энэ сарын  23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм байна.

Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан.

 Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандахад  прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа билээ.