Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлээр шийдвэртэй алхмууд хийнэ гэдгээ мэдэгджээ. Юуны түрүүнд буруу рультэй автомашины импортыг зогсоож, нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ гэлээ. 

Д.Сумъяабазар:

  • - Анхнаасаа зөв тооцоогүй төлөвлөлт өнөөдөр нийслэлийн зам харилцаа, зорчих урсгалыг хавханд оруулчихлаа. Гурав, дөрвөн том хавханд нийслэлчүүд бид байна. Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон. 
  • - Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу, энэ хооронд шийдвэр гарна. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ энэ. 
  • - Гэхдээ одоо ороод ирчихсэн машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг ч юм уу. Харин хөдөө орон нутагт бол хязгаар хориг байхгүй, явж байгаад тэгээд дуусах биз. 
  • - Зөвхөн нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд байгааг хүмүүс мэддэг, судалгаагаар ч тогтоогдсон.
  • - Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ. 
  • - Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төв дээр 650 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байна. 
  • - Хот бүртгэл хийдэггүй. Нэг талд нийслэлээс замын түгжрэл, хөдөлгөөнийг зохицуулах гэж хичээгээд байдаг. Гэтэл нөгөө талд ЗТХЯ-наас дугаар, номер олгоод, машины тоог нийслэлийн хөдөлгөөнд нэмээд байдаг. 
  • - Энэ их уялдаагүй, түгжрэлд нэрмээс болж байгаа үйл явц. Хотод бүртгэх эрхийг өгөх нь зөв. Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ.