Монгол улсад барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын мэргэжилтэн Л.Амгалангийн мэдээлж байгаагаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 997 ломбард үйл ажиллагаа явуулж байгаа аж.  УИХ-аас Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүг долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд сарын гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан.  Харамсалтай нь уг хууль бодит амьдрал дээр хэрэгжиж чадаагүй байна. Өнгөрсөн онд ШӨХТГ-аас түүвэр байдлаар 16 ломбардад шалгалт хийхэд хоёр нь л зээлийн хүүгийн хэмжээг 3 хувиас илүүгээр тогтоох ёсгүй гэсэн журмыг мөрдөж байжээ. 

ШӨХТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Л.АМГАЛАН: 


- ШӨХТГ-аас 2021 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд 997 барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байгаа гэсэн тоон мэдээ байна. Хяналт шалгалтад нийт 16 аж ахуй нэгж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар хамрагдсан. Тэднээс хоёр нь Цар тахлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хүүгээ гурван хувьд барьж байсан. Үлдсэн 14 аж ахуй нэгж буюу 87.5 хувь нь хуулийн хрээгжилт хангаагүй буюу хүү өндөр тотоосон байсан. 


ЛОМБАРДНЫ ЭЗЭН Б.БАТТӨМӨР: 


- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардны бизнес олон байна, олон тоогоор үйл ажиллагаа явуулж, борооны дараах мөөг шиг их олширч байна гээд байдаг. Зах зээл дээр хэрэгцээ нь байгаа юм. Хүмүүс, иргэдийн дунд хэрэгцээ нь байгаа учраас тэр хэмжээгээр олон болж, тэлж байгаа юм. Тэлэх хэмжээгээрээ, зах зээлийнхээ журмаар, бизнесийнхээ өрсөлдөөнөөр хүү, хугацааны асуудлаа зохицуулдаг. Санхүүгийн бизнес дэлхийн аль ч улс оронд сайн нэртэй байдаггүй. Мөнгө хүүлэгч, шулаач нар гэдэг муу нэр зүүж явдаг. Зах зээлийн журмаараа зохицуулагдах зүйл. 


ИРГЭН Б.ТЭМҮҮЛЭН: 

- Монголд ломбард маш их байдаг. Гадаад улсад явж байхад ломбард гэж огт харж байгаагүй. Ломбард их байх муу л даа. Хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно. Өөрөө үнэ цэнэтэйгээр олж авсан эд зүйлээ маш хямд, доогуур үнэлүүлээд ломбардад эд зүйлээ алддаг. Би ч гэсэн өөрөө алдаж явсан. Тиймээс ломбард ер нь байгаад дэмий байх гэж боддог. 

Эх сурвалж: 

А24 мэдээллийн агентлаг