Зургаан жилийн турш "Хаан" банктай шүүхдэлцэж буй иргэн Д.Ариунцэцэг өнөөдөр хэвлэлд хандлаа. Учир нь тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа "Хаан" банкинд жилийн 15 хувийн хүүтэй хугацаатай хадгаламж нээж байжээ.  Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-нд хэсэг бүлэг хүмүүс хуурамч нотариатын бичиг үйлдэж, Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалж зээл авсан байна.

Өөрөөр хэлбэл, "Хаан" банк иргэн Д.Ариунцэцэгтэй холбоотой баримт бичгийг нягтлалгүйгээр хуурамч бичиг баримт үйлдсэн иргэдэд зээл олгосон байна. Улмаар дээрх иргэд зээлээ эргэн төлөөгүй учир иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламжаас 63 сая төгрөг татан авчээ.

Иргэн Д.Ариунцэцэг

- Би гадаадад ажил хөдөлмөр эрхэлж байхдаа ХААН банканд 2010 онд хугацаатай хадгаламж нээлгэсэн. Жилийн 15 хувийн хүүтэй. Гэвч 2015 онд хэсэг бүлэг хүмүүс хуурамч бичиг баримт бүрдүүлэн миний хадгаламжийг барьцаалж зээл авсан байсан. Тухайн иргэд нотариатын тамга тэмдгийг ашигласан ч хугацаатай хадгаламж барьцаалсан зээлийн шалгуурыг хангахааргүй байсан. Гэтэл банк зээл олгосон. Үүнийгээ банкныхан улсын нотариатын тамгатай байсан тул нягтлаагүй гэсэн хариу өгдөг. 

- Шүүхэд хандсан. Гэвч анхан шатны шүүх хоёрдмол утгатай шийдвэр гаргасан. Энэ нь шүүгдэгч нар надад 63 сая төгрөг төлөх ёстой. Хаан банк ч 63 сая төгрөг төлөх ёстой гээх хоёрдмол хариу гарсан. Улмаар давж заалдаж "Хаан банк"-ыг миний 63 сая төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Гэтэл Хаан банк дахин давж заалдсан. Дээд шүүхийн хариу миний талд гарч, Хаан банк мөнгийг минь төлөхөөр болсон. 

- Өнгөрсөн 2 сард банк надад 63 сая төгрөгийг өгсөн. Гэхдээ хүүг нь өгөөгүй. Нэгт, өнгөрсөн 6 жилийн турш "Хаан" банк миний мөнгийг эргэлтэд оруулж ирсэн. Хоёрт, би Хаан банкны хугацаатай хадгаламж эзэмшигч учраас хүүтэй нь хамт өгч, миний хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл банк хүүгээ шүүгдэгч нараасаа юмуу, нотариатын танхимаас ав гэж байна. Шударга бус байна.