Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр/2022.03.14/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр манай улс руу  сүүлийн үед үйлдвэрлэгдсэн маш хүчтэй үйлчилгээтэй, шинэ төрлийн  синтетик мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлүүд гарсаар байгаа талаар мэдээллээ. 

Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар:

- Гаалийн байгууллага өнгөрсөн наймдугаар сараас хойш 5 удаа хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн.

- 3 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хар тамхи илэрсэн гэх мэдээллийн талаар тодруулж хэлье. 2021 оны 8 дугаар сард Улс хоорондын шуудан илгээмж дэх Гаалийн газраас МУ-ын иргэн Африкийн улсаас ирсэн илгээмж хүлээн авахдаа 1 кг орчим “Мөс”-ийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Энэ нь мөнгөн дүнгээр 3 тэрбум төгрөгтэй  дүйж байгаа юм.

- Түүнчлэн Монгол улс руу сүүлийн үед үйлдвэрлэгдсэн маш хүчтэй үйлчилгээтэй, шинэ төрлийн  синтетик мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Гааль болон хууль сахиулах байгууллагын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байна.  Дууссаны дараа хамтарсан мэдээлэл хийнэ.