Улаанбаатар хотод жил бүр 30 мянга орчим иргэд шинээр шилжин ирдэг гэх тооцоо бий. Баг хүн амтай аймгийн төвийн хэмжээний хүн ам нийслэлд ийнхүү шилжин ирж байгаа нь хотын хөл хөдөлгөөн, хүн амын нягтаршлыг нэмэгдүүлж цаашлаад төрийн үйлчилгээний чанар хүртээмжид ч сөргөөр нөлөөлж байгаа юм. Тодруулбал хүн ам хэт төвлөрлөөс үүдэж, сургууль цэцэрлэгүүд багтаамжаасаа хэд дахин давсан их ачаалалтай ажиллаж байгаа нь боловсролын системыг ганхах байдалд ч хүргэж байна. Тиймээс зарим цэцэрлэгийн удирдлагууд бага насны хүүхдүүдээ монгол гэрт хүлээж авч эхэлжээ. Хэдийгээр орчин нөхцөл нь байшин цэцэрлэгийг гүйцэхгүй ч хүүхдүүдийг Монгол ахуйтай танилцуулж, Монгол гэрийн талаар мэдэгдэхүүнтэй болоход ихээхэн нэмэр болж байгаа талаар цэцэрлэгийнхэн ярьж байна.  

Ж.Жавзан, 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч


- Сүүлийн жилүүдэд манай хорооны хүн ам их нэмэгдсэн. Манай хороонд 2-5 насны сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны бүртгэлтэй 1820 гаруй хүүхэд байдгаас бид хичээлийн 1,2 дугаар байрандаа 570 хүүхэд,  Монгол гэрт 30 хүүхдийг авч, нийт 600 хүүхдийг цэцэрлэгтээ хамруулж байна. Үүний цаана 1220 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй үлдэж байна. Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хүүхдийн насан туршид өөрт нь үлдэх зөв дадал хэвшлийг төлөвшүүлдэг. Тиймээс сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс анхаараасай гэж хүсдэг. Миний хувьд гэр цэцэрлэгийг аль ч цаг үед байлгах хэрэгтэй гэж үздэг. Яагаад гэвэл бид хийсвэр зураг, киноноос Монгол гэр, Монгол ахуйтай танилцуулахын оронд өөрсдийг нь тэр орчинд нь байлгаж үзүүлэх, бодитоор танилцуулбал илүү их зүйлийг таньж мэдэж, сурч чадна гэж боддог. 


Ш.Оргилмаа, Дунд бүлгийн багш


- Эцэг эхчүүд гэр цэцэрлэгт маш тааламжтай байгаа. Гэрээ шалны халаалтаар халаадаг. Хүүхдүүдийг өдөр унтахад нь шалны халаалтаа унтраадаг. Монгол гэрийн агаарын сэлгэлт маш сайн байдаг. Байранд амьдардаг хүүхдүүд Монгол гэрийг огт мэдэхгүй болохоор маш их сонирхож байгаа. Энэ юу вэ? Гэж гэрийн эд ангиудыг их асууж сонирхож байгаа. Хичээл эхлээд 3 хонож байгаа гэхэд Монгол гэрийн талаар хүүхдүүд нэлээд мэдэгдэхүүнтэй болсон. Цэцэрлэгтээ ч гэсэн их дуртай ирж байгаа.

С.Баярсайхан, 12 дугаар хорооны иргэн


- Манай хорооны эцэг эхчүүд хоорондоо ярилцаад, 12 дугаар цэцэрлэгийн удирдлагуудад хүсэлт гаргасан. Улсаас заасан цэцэрлэгт авах хүүхдийн тоо гүйцчихсэн учраас бид гэр цэцэрлэгт ч гэсэн хүүхдээ хамруулмаар байна гэсэн. Бидний хүсэлтийн хүлээж аваад “Гэр цэцэрлэг байгуулж болж байна. Та хүүхдээ хамруулах уу?” Гэсэн хариу өгсөн. Бид өөрсдөө хүсэлтээ тавьсан болохоор хүүхдээ гэр цэцэрлэгт өгч байгаа. Миний хувьд гэр цэцэрлэгт хүүхдээ сургаж байгаагаа боломжийн гэж үзэж байгаа. Хүүхдийн орчин солигдож байна. Хүүхэд цэцэрлэгийн боловсрол заавал авах ёстой учраас гэр цэцэрлэгт ч бай, байшинд ч бай хамаагүй сургалтыг хаана явуулж болж байна тэр орчинд нь хүүхэддээ боловсрол олгох л ёстой. Хүмүүс янз бүрээр ярьж л байдаг. Орчин үед гэр цэцэрлэгт хүүхэд авч байна гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Монголчууд эртнээс цэцэрлэгийг анх эхлүүлэхдээ монгол гэрт л эхлүүлж байсан шүү дээ. Тийм болохоор надад гэр цэцэрлэг байж болох шийдэл санагддаг. 

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг