МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албадан саатуулсан гэх мэдээлэл тархсан. Харин АТГ-аас түүнийг цагдан хориогүй, мэдүүлэг авсан болохыг тус газраас мэдээлэв.

Түүнээс ямар үндэслэлээр мэдүүлэг авсан нь тодорхойгүй байна. Магадгүй АТГ-аас дуудсан үед нь очиж мэдүүлэг өгөөгүй байж магадгүй гэсэн таамаг бий. Эс бөгөөс өргөдөл гомдол гаргасан гэх иргэн нь АТГ-д нөлөө бүхий этгээд байж магадгүй юм. 

Ямар ч байсан иргэдийн гомдлоор АТГ ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас албадан мэдүүлэг авсан нь ОНРТ-ийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлогын эхлэл гэж хардлага төрүүлж байна. 

А.Бүрэнбаатар нь өнгөрсөн оны 3 дугаар сард Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл /2021.03.05/ хуралдаж, Ерөнхий захирлаар томилсон. Түүнийг Ерөнхий захирлаар томилогдсоноос хойш МҮОНРТ-ийн хамт олны бослого тэмцэл намжсан ч Үндэсний зөвлөлийн гишүүд нь талцаж Ерөнхий захирлынхаа эрх мэдэлд халдаж, нөлөөллөө тогтоох гэж талцаж эхэлсэн. Үүнээс улбаалж ҮЗ-ийн дарга М. Наранбаатарыг огцруулж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан Батсүхийг ҮЗ-ийн даргаар томилсон ч  байдал бахь байдгаараа,  тэр ч бүү хэл нэг талыг барьж ажилдгаас ҮЗ нь хуралдаж чадахгүйд хүрээд байгаа нь нууц биш болжээ.  

МҮОНРТ-ийн өмнөх захирлууд хамт олныхоо шаардлагаар "явсан".  Гэвч тус багийнхан нь өнөөг хүртэл телевиздээ үлдэх, нөлөөллөө хадгалах хүсэл тээсээр ийш тийш өргөдөл гомдол гаргаад явж буй. Хамгийн сүүлд нэр бүхий 7 ажилтан Б.Бүрэнбаатар захирлыг эсэргүүцэж Үндэсний зөвлөл болон УИХ-ын ТББХ-д өргөдөл гомдол гаргасан гэгдээд буй. 

Ямартай ч эвээ олох гэж ядаж байгаа МҮОНРТ-ийнхныг АТГ-ынхны "тавьсан жүжиг" дахин бужигнуулах вий гэсэн болгоомжлол төрж эхэлснийг нуух юун.