Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээгээр өчигдөр шөнө Дорноговь аймгийн зарим суманд энэ хаврын анхны бороо оржээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо орсон байна. 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд, Завхан, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Завхан, Идэр, Эг Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+8 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+20 градус, бусад нутгаар +8...+14 градус байв.